Өнөөдөр сумын ИТХ-аас санаачлан зохион байгуулсан "ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТ, ТҮҮНИЙГ САЙЖРУУЛАХ АРГА ЗАМ" сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг "Иргэний танхим"-д амжилттай болж өндөрлөлөө.
Хэлэлцүүлэгт ИТХ-ын дарга Л.Сэлэнгэсайхан, Засаг дарга С.Шижирбаатар, Засаг даргын орлогч Б.Мөнх-Эрдэнэ, ИТХ-ын ХАА,БО,АЖ-ын бодлогын хорооны дарга Б.Жаргалцогт, Хөгжлийн бодлогын хорооны дарга В.Энхцэцэг, Нийгмийн бодлогын хорооны дарга Б.Галбадрах, ИТХ-ын төлөөлөгч Б.Одонтуяа, ИТХ-ын төлөөлөгч, Ивэн багийн ИНХ-ын дарга Б.Орхонтуул, Ивэн багийн Засаг дарга Б.Отгонтэнгэр, ЗДТГ-ын БОХУ-ын байцаагч А.Батдорж, Байгаль хамгаалагч С.Эрдэнэтуяа, Б.Мөнхтөр, иргэдийн төлөөлөл Г.Уртнасан, Б.Цэвээнжав, Г.Баярчулуун, Г.Батжаргал, Д.Батмөнх, Э.Дашбаяр, Г.Гантуяа, З.Баярсүрэн нар оролцлоо. Уг хэлэлцүүлэгт оролцуулахаар албан ёсоор урилга өгсөн ААН-үүдээс нэг нь ч ирж оролцсонгүй.
Хэлэлцүүлгийг сумын ИТХ-ын дарга Л.Сэлэнгэсайхан нээж, үг хэлэн удирдан явууллаа.
Хөтөлбөрийн дагуу сумын хэмжээнд хог хаягдлын талаар баримталж байгаа бодлого шийдвэр, өнөөгийн байдлын талаарх мэдээллийг ЗДТГ-ын БОХУ-ын байцаагч А.Батдорж танилцуулав.
ИТХ-ын Хөдөө аж ахуй, байгаль орчин, аялал жуулчлалын бодлогын хороо, Нийгмийн бодлогын хороо, Хөгжлийн бодлогын хороодын дарга нар санал хүсэлтээ илэрхийлсэн.
Энэхүү хэлэлцүүлэгт оролцсон иргэдээс: -Сумын хэмжээнд хог хаягдлын талаар баримтлах нэгдсэн бодлого шийдвэр, менежментийн төлөвлөгөөтэй болох, сумын төвлөрсөн хогийн цэгийг эзэнжүүлж харуул хамгаалалттай болгох, камержуулах, айл өрх бүрийг хогоо ангилан ялгаж хэвшүүлж хариуцлагын гэрээ байгуулж ажиллах, өсвөр үе хүүхэд багачууд, иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлэх соён гэгээрүүлэх сургалт мэдээллийн ажлыг үе шаттайгаар зохион байгуулах, хог үүсгэсний төлбөрийг айл өрх бүрээс тогтмол авч хэвшүүлэх зөв гарц гаргалгааг олох, дахивар хогийг авах нэгдсэн цэгтэй болж, бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж нөхцлийг бүрдүүлэн дэмжиж ажиллах, малын баасаар бордоо бэлтгэн газар тариалан эрхлэгчдэд нийлүүлэх боломжийг судлах, төвлөрсөн хогийн цэгийг хариуцах хувь хүнтэй гэрээ байгуулан техник тоног төхөөрөмж, шаардагдах эд зүйлсээр хангаж төрийн зүгээс дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах зэрэг олон үнэтэй санал санаачлагууд гарсныг нэгтгэн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэх нутгийн захиргааны байгууллагад хүргүүлэн хог хаягдлын талаар авч хэрэгжүүлэх ажил арга хэмжээгээ сайжруулан менежментийн төлөвлөгөө, хөтөлбөрийг боловсруулан батлуулж ажиллахыг чиглэл болголоо.