Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал "Гавьяат Мал зүйч" цолоор шагнагдаж, олон жилийн нөр их хөдөлмөр зүтгэл, ажлын амжилт бүтээлээ үнэлүүлсэн ахмад мал зүйч Бэгзийн Батхүүд Сант нутгийнхаа нийт иргэдийн өмнөөс ИТХ-ын дарга Л.Сэлэнгэсайхан хүндэтгэл үзүүлэн алд цэнхэр хадаг, цагаан сүүний хамтаар угтан авлаа.
- Б.Батхүү нь 1940 онд Говь-Алтай аймгийн Төгрөг суманд төрсөн. Тэрээр 1965 онд Хөдөө аж ахуйн дээд сургуулийг төгсөж ирээд Сант сум Цагаантолгой САА-д мэргэжлийн болон удирдах ажилтнаар нийт 48 жил ажиллаж хөдөлмөрлөн улс эх орны хөгжил, дэвшил, бүтээн байгуулалтад үнэтэй түүхэн хувь нэмрийг оруулсан эрхэм юм.
- Ажил хөдөлмөрийн анхны жилээс эхлэн сум САА-н МАА-н үйлдвэрлэл, эдийн засгийн үр дүн, технологийн үйл ажиллагаанд дүгнэлт хийж үхэр хонин сүргийн үүлдэр, угсааг сайжруулан, гахай, тахиа, зөгийн туслах аж ахуйг хөгжүүлэн, МАА-н материаллаг баазыг бэхжүүлж, малчид мэргэжилтний мэдлэг ажлын ур чадварыг дээшлүүлэн, мал аж ахуйн эрчимжсэн салбартай болох зорилтыг өмнөө дэвшүүлэн олон жил уйгагүй хөдөлмөрлөж ирсэн. Өмнөө тавьсан энэхүү зорилтоо хэрэгжүүлэхийн тулд эх орны өндөр ашиг шимт хээлтүүлэгч сонгон авч, үржүүлэн өсгөх, газар тариалангийн үйлдвэрлэлээс гарах тэжээлийн их нөөцийг ашиглан өөрийн мэргэжлийн ур чадварыг дайчилж ажилласнаар үр дүнд хүрсэн байна.
- Б.Батхүүгийн санаачлага зүтгэл чармайлтаар 1966 оноос эхлэн хонин сүргийг эх орны алдартай нарийвтар ноост Орхон үүлдрийн хуцаар, үхэр сүргийг мах сүүний чиглэлийн Казакийн цагаантолгойт үүлдрийн шилмэл бухаар 32 жил тасралтгүй сайжруулагч болгон ашиглаж эм хонийг 100% зохиомол, үнээг 100% зохиомол болон гардан хээлтүүлэг хийж жил тутам хээлтүүлэгч хээлтэгч мал болгонд ашиг шимийн тодорхойлолт, бүх сүрэгт ангилалт заазлалт, суурин зохион байгуулалт хийж үржлийн ажлын технологийг хатуу баримталж иржээ. Мал сүргийг эрлийзжүүлэхэд нэн тэргүүнд шаардлагатай үржлийн данс бүртгэлийг нягт нямбай хөтлөн ажилласан байна. Энэ нь МАА-н үржлийн ажил түүнд дүн шилжилгээ хийж цаашид хэрхэн ажиллах зорилт чиглүүлэх гол тулгуур нь болж байсан байна.
- Б.Батхүү эзэмшсэн мэргэжлээ дайчлан олон жил тэвчээртэй, тодорхой зорилготой хөдөлмөрлөсний үр дүнд сум САА-н бүх үхэр сүрэг 100% Казакийн цагаантолгойт мах сүүний хэвшлийн буюу 3,4-р үеийн эрлийз болж 100 эхээс 80-аас дээш тугал бойжуулж 5000 толгой хүрч, улмаар сайн чанарын өсвөр бух олноор бойжуулан ХАА-н яамны шийдвэрээр Хэнтий аймгийн Хэрлэн, Чандгана, Эрээнцав, Сэлэнгэ аймгийн Ерөө, Хүдэр, Зэлтэр, Найрамдал, Алтанбулаг, Баянхараат, Орхон зэрэг САА-нуудад нийлүүлж байсан байна.
- Сүүлийн жилүүдэд Сэлэнгэ аймгийн Хушаат суманд Казакийн "Цагаантолгойт" үүлдрийн эрлийз цөм сүргээс шилжүүлэн өгсөн бөгөөд одоо тус суманд өсч үржсээр байна.
- Хонин сүргийн ашиг шим дээшилж, САА-н хэмжээнд 100 эхээс 95-114 төл бойжуулдаг болсны дээр 1 хониноос 320 грамм ноос авч хонин сүрэг 100 хувь нарийвтар ноостой хонь болж цөм сүрэг 6 суурь буюу 3200 толгойд хүрч нийт хонин сүрэг 32000 толгой болон өссөн байна.
- МАА-н материаллаг баазын хувьд бүх хонь битүү дулаан байр, ээлжийн саравчтай үхэр сүрэг 100% пүнзтэй саравчтай, хашаатай төллөх бүх суурь галлагаа бүхий ус нөөцлөх 4 тн-ын багтаамжтай савтай, бүдүүн болон хүчит тэжээлийн их нөөцтэй, хорио цээр, эрүүл ахуйн шаардлага хангасан газартай, эрлийз мал маллагааны нөхцлийг бүрэн бүрдүүлсэн материаллаг бааз бүхий эрчимжсэн салбар болж хөгжсөн байлаа.
- Малчид мэргэжилтнүүдийн дунд сургалтыг жил бүр зохион байгуулж ажилладаг, дадлага туршлагатай эвсэг хамт олныг бүрдүүлж чаджээ. Малчдын амьжиргааг дээшлүүлэх өрх гэрийг тохижуулах зохион багуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлснээр бүх малчин өрхийн 80% нь өвөлжиндөө тохилог байшин сууц барин цахилгаан гэрэлтэй, радио телевизтэй болж тохижиж чадсан байлаа. Эдийн засгийн хувьд өндөр өгөөжтэй үхэр, хонины аж ахуйн зэрэгцээ санаачлага гарган өндгөө өөрөө дардаг нутгийн бор тахианы ферм байгуулан 4000 тахиа үржүүлж нутгийн иргэддээ өндөглөгч тахиа, өндөг нийлүүлж , 60 үүр зөгийтэй болж жил тутам 100-120 кг зөгийн бал улсад нийлүүлэн, 50 мэгж бүхий гахайн ферм, 800 үнээний саалийн ферм байгуулан мэргэжлийн удирдлагаар чадамгай ханган ажиллаж байлаа. Зоотехникч Б.Батхүү МАА-н салбарыг эрчимжүүлэн сайжруулан ажиллахын зэрэгцээ САА-н тариаланчдыг үйлдвэрлэлийн компанит ажлын хугацаанд чанартай хүнсээр хангахад зориулан жил бүр газар тариалангийн үйлдвэрлэлд ажиллагсдын хэрэгцээнд тусгайлан бордож таргалуулсан мал, мах сүү бэлтгэн нийлүүлж тариалалт ургац хураалтын хугацаанд тариаланчдад хяналт удирдлага зохион байгуулалтын туслалцаа үзүүлж 44 жил нь тэдэнтэй хамтран ажилласан юм.
- Ийнхүү Б.Батхүү залуу насны эрч хүч, мэргэжлийн ур чадварыг ажилдаа бүрэн зориулж ажилласныг түүний хөдөлмөрийн үр дүн харуулж байна.1990 он гэхэд САА-н МАА-н салбар нь төрөл бүрийн аж ахуйн бүхий эрчимжсэн салбар болж өмнөө тавьсан зоилгодоо хүрч чадсан байна. Иймд түүнийг мал аж ахуйн салбарт тоо чанарын үндсэн дэвшилт гаргахад гол үүрэг гүйцэтгэсэн хүн гэж, хамт олон сум аймаг салбарын яам үнэлдэг юм. Мал аж ахуйн салбар бүрт ялангуяа хонийг нарийвтар ноостой, үхрийг мах сүүний өндөр ашиг шимтэй болгох ажлыг хослуулан бие даан ажилласан мэргэжилтэн Монгол улсад одоогоор байхгүй байгаа нь түүний ажлын онцлох үр дүн юм.
- Орон нутагт ажиллаж байгаа мэргэжлийн сэхээтэн бие даан, тодорхой зорилготой ажиллаж үхэр, хонин сүргээ зэрэгцүүлэн үүлдэр сайжруулалт хийж 100% эрлийзжүүлснээр барахгүй үржлийн дээд ангийн цөм сүрэгтэй болсон амжилт нь Б.Батхүүгийн бүхий л сэтгэл, оюун, хүч чадлаа өөрийн ажилдаа зориулсан бүтээлч хөдөлмөрийн үр дүн юм.
- Б.Батхүүгийн бүтээлч үйл ажиллагаа нь Цагтаантолгой САА-н МАА-н салбарыг эрчимжүүлэн хөгжүүлээд зогсохгүй түүний удирдан зохион байгуулах авъяас чадварыг олон түмэн үнэлэн компаний захирал, орон нутгийн ИТХ-ын дарга зэрэг удирдах албан тушаалд итгэл хүлээлгэн ажиллуулсаар ирсэн ба сумын ахмадын хороог 12 жил удирдан ажилласан.
- 1992-1996 онд сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга, 1996-2000 онуудад ИТХ-ын даргаар сонгогдон ажиллах хугацаандаа нутгийн өөрөө удирдах байгууллагын ажлыг монгол улсын хуулийн дагуу удирдан зохион байгуулж төлөвшүүлэн ялангуяа хурлын дотоод ажлын гол асуудал бичиг хэргийн соёлжилт, эмх цэгцэнд онцгой анхаарч ажилласан юм.
- Аймаг орон нутгийн хөгжил дэвшлийн чиг бодлогыг боловсруулан хэрэгжүүлэхэд асар их үүрэг гүйцэтгэсэн юм. Сэлэнгэ аймгийн ИТХ-д 2 удаа, аймгийн Намын хорооны гишүүнээр 4 удаа тус тус сонгогдож ажиллахдаа сум орон нутгийн зүгээс иргэдэд үйлчлэх төрийн үйлчилгээнд онцгой анхаарч:
- 1. Радио телевизийн нэвтрүүлгийн хүлээн авалт, гаргалтыг сайжруулан тогтмолжуулсан
- 2. Орон сууцанд амьдарч буй айл өрхүүд болон сургууль албан газруудын дулааны хангамжийг сайжруулсан
- 3. ЕБС, МСҮТ-ийн хамтарсан сургалтыг нэгдсэн удирдлагад оруулсан
- 4. Хүн эмнэлгийн үйлчилгээ ялангуяа хөдөөгийн малчид тариаланчдад хүрч ажиллах нөхцлийг бүрдүүлж, түргэн тусламжийн машиныг 2 удаа шинэчлэх ажлыг дээд шатны байгууллага ба сонгогдсон Их хурлын гишүүдээр дэмжүүлж холбогдох яамаар шийдвэрлүүлж гүйцэтгэсэн байна.
- Б.Батхүү өндөр насны тэтгэвэртээ гармагц 2000 оноос хувиараа мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлж жил тутам 6-15 хүнийг түр ажлын байраар хангаж мал сүргээ өсгөн, 50-100 га-д үр тариа тариалан 1 га-аас 18-24 цн ургац, 0,5-2 га-д төмс хүнсний ногоо тариалан өндөр ургац хураан авч өрхийн болон орон нутгийн орлогоо нэмэгдүүлэн хөдөлмөрлөхийн үлгэр дууриаллыг үзүүлж ажиллаж мөн улс эх орондоо олон сая төгрөгийн татвар төлжээ. Тэтгэвэртээ гарсан ч мэргэжлийн байр сууриа алдсангүй Баруунбүрэн, Хушаат сум зарим аж ахуйн нэгжүүд, малчиддаа мэргэжлийн зөвлөгөө өгөх, Казакийн цагаантолгойт үхэр сүрэгт нь ангилалт, шилэн сонголт хийн суурь зохион байгуулалтын ажилд өгөөмөр сэтгэлээр туслалцаа үзүүлж байна.
- Сумын төвийн сүү сүүн бүтээгдэхүүний хангамж дутагдалтай байгаад дүгнэлт хийж, сумын МАА-н эрчимжсэн үйлдвэрлэлийг өргөжүүлэх зорилгоор мэргэжлийн дадлага туршлагадаа тулгуурлан хувийн хөрөнгө оруулалтаар 20 үнээний уяатай үнээний байр, сувай үхрийн байр, 3000 боодол өвсний багтаамжтай сарай бүхий саалийн иж бүрэн загвар фермийг 2004 онд байгуулан цахилгаан шугам, автомат услууртай болгон тохижуулжээ.
- Фермийн сүргээ өндөр ашиг шимтэй сүүний чиглэлийн үхрээр бүрдүүлж арчилгаа маллагаа эрүүлжүүлэлтийн үйл ажиллагааг мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулан гүн хөлдөөсөн үрээр ээлжийн төллөлттэй байхаар зохиомол хээлтүүлэг хийж жилд 1 үнээнээс 2000 л, сүүлийн 11 жилд нийтдээ 440000 л сүү үйлдвэрлэн сумын байгууллага иргэдийг жилийн 4 улиралд сүү сүүн бүтээгдэхүүнээр хангадаг болсон юм.
- Өндөр ашиг шимтэй хээлтэгч, хээлтүүлэгчийг бэлтгэж 250 толгойг сумын болон бусад аймаг сумын иргэдэд нийлүүлжээ. Фермийн дэргэд бяслагны /сыр/ цех байгуулан ГОУДА бяслаг 930 кг-ыг бэлтгэн борлуулсан байна. Зохиомол хээлтүүлгийн техникчээр 3 иргэнийг, бяслагны технологи ажиллагаанд 15 хүнийг сурган бэлтгэсний гадна ферм нийтдээ жил тутам 12 хүнийг ажлын байраар ханган 3 саальчинд гунжин үнээ төлбөргүй олгож, 3 өрхөд 160 толгой бог мал олгож малжуулсан байна. Энэ бүхний үр дүнд ХАА-н яамнаас “Эрүүл сүрэгтэн” гэрчилгээ хүлээн авч аймгийн “Тэргүүний фермер” болж бяслаг нь брэнд бүтээгдэхүүнээр шалгарсан байна.
- Б.Батхүүгийн мэргэжлийн ажлын үр дүн болсон нарийвтар ноост Орхон үүлдрийн хонь, Казакийн цагаантолгойт үхэр сүргийн талаар монголын радио телевиз, сонин хэвлэлээр олон удаа яригдаж хэвлэгдэж байсан. Сүүлийн 5 жилд саалийн загвар фермийн үйл ажиллагааны талаар монголын радиогоор 3 удаа, телевизээр 2 удаа нэвтрүүлэг хийгдэж “Сэлэнгийн мэдээ”, “Үнэн”, “Монголын хөдөө” сонинд 3 удаа нийтлэл, хөрөг ярилцлага бичигджээ.
- Хөдөлмөрийн өндөр бүтээлийг эгэл ардынхаа төлөө гэсэн чин сэтгэлтэй хослуулан ажиллаж олон залуучуудад үлгэр үзүүлэн араасаа дагуулсан халамжлан хүмүүжүүлэгч, ХАА-н арвин баялаг туршлагатай мэргэжилтэн, төр улсаа төвхнүүлэхэд оюун ухаан, гар биеэрээ зүтгэсэн төрийн ажилтан сайн удирдагч юм.
- ХАА-н болон төр нийгмийн хүндэт зүтгэлтэн Б.Батхүүгийн 85 насны ойн жилд төр засгаас төрийн дээд шагнал "Гавъяат мал зүйч" цолоор шагнаж, түүний эзэмшсэн мэргэжил, ажлын ур чадвар, дадлага туршлага, амжилт бүтээлийг нь ийнхүү үнэлсэнд Сант нутгийн ард иргэд талархал дүүрэн байна.
САНТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ