Өнөөдөр сумын ИТХ-ын Нутгийн удирдлага, хууль хяналтын бодлогын хороо (дарга Б.Мөнх-Эрдэнэ, гишүүд Б.Галбадрах, Л.Сэлэнгэсайхан, Б.Одонтуяа), Хөгжлийн бодлогын хороод (дарга В.Энхцэцэг, гишүүд Э.Ану, Л.Сэлэнгэсайхан, Б.Мөнх-Эрдэнэ) хамтран Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр суманд хийгдсэн болон хийгдэж байгаа ажлуудын гүйцэтгэл, явц үр дүнгийн байдалд удирдамжийн дагуу хяналт шалгалтын ажлыг зохион байгууллаа.
2025 онд ОНХСангийн хөрөнгөөр нийт дүнгээр 786,365,3 мянган төгрөгний (үүнээс: ОНХСангийн хөрөнгөөр 633,247,9 мянган төгрөг, Малын тоо толгойн албан татварын орлогоор 147,017,4 мянган төгрөг) 23 ажил, арга хэмжээ, бараа бүтээгдэхүүн худалдан авалт хийгдэхээр батлагдсанаас 18 ажлыг гүйцэтгэж, зарим ажлыг гэрээ байгуулж бэлтгэл шатандаа явж байна.
Сумын төвийн дулаан, цэвэр усны шугамын өргөтгөлийн засварын ажлын гүйцэтгэлтэй холбоотой "Таван хан энержи" ХХК-н үйл ажиллагааны улмаас иргэний эд хөрөнгөд хохирол учруулсан талаар иргэнээс ирүүлсэн өргөдөл гомдлын дагуу газар дээр нь очиж бодит байдалтай танилцлаа.
Хороодын хамтарсан ажлын хэсгээс Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын ажлуудыг хийж гүйцэтгэсэн болон одоо хийгдэж байгаа зарим ажлуудыг ажлын даалгаврын дагуу гүйцэтгүүлж, чанар үр дүнд анхааран хяналт тавьж засаж сайжруулах талаар захиалагч (гэрээ байгуулагч) болон Засаг даргад үүрэг чиглэл өгөхөөр дүнгийн хурлаас шийдвэрлэсэн. Мөн өөрийн эд хөрөнгөд учирсан хохирлыг арилгуулахаар өргөдөл гаргасан иргэний хашааг засаж сайжруулан өмнөх байдалд нь оруулахыг гүйцэтгэгч компанид мөн энэхүү компанид шаардлага давхар тавьж гомдлыг арилгах арга хэмжээ авч ажиллахыг гүйцэтгэх засаглалын байгууллагад үүрэг өгөхөөр тус тус шийдвэрлэлээ.
ИТХ-ЫН НУТГИЙН УДИРДЛАГА, ХУУЛЬ ХЯНАЛТЫН БОЛОН ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН ХОРООДЫН ХАМТАРСАН АЖЛЫН ХЭСЭГ